Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны А/182 дугаар тушаалын дагуу “Палеонтологийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийх” зөвшөөрлийн хүрээнд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал, доктор Н.Манчук, Үндэсний Геологийн Албаны (ҮГА) харьяа Монголын Стратиграфийн Комисс (МСК)-н дарга, шинжлэх ухааны доктор Я.Ариунчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
Авран хамгаалах судалгаа: Соёлын өвийн хуулийн хүрээнд хамтарсан баг бүрдүүлж, палеонтологийн олдворыг хамгаалах, хайгуул, малтлагын ажлыг хууль ёсны дагуу гүйцэтгэнэ.
Сан хөмрөгийг баяжуулах: Хамтарсан хээрийн судалгаагаар палеонтологийн дээж цуглуулж, БШУҮМузейн сан хөмрөгийг баяжуулахын зэрэгцээ Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг шинэ мэдээллээр хангана.
Байгалийн өвийг хамгаалах: Геологийн өвөрмөц тогтоц, тулгуур зүсэлтүүдийг судлан тогтоож, улсын тусгай хамгаалалтад хамруулах саналыг хамтран боловсруулна.
Мэргэжилтнүүдийг дадлагажуулах: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгждэг 1:50 000-ны геологийн зураглалын талбаруудад музейн ажилтнуудыг хээрийн судалгааны явцад дадлагажуулна.